Америкт бизнес эрхлэдэг монголчуудын уулзалт
2007 оны дөрөвдүгээр сарын 22 • Chicago
 
   Home    Overview    Why Attend    Schedule    Speakers    Location    Registration    Sponsors    Discussion

Өнөөдөр Америкт өөрийн хувийн бизнес эрхлээд тодорхой амжилтад хүрч буй монголчууд цөөнгүй байна. Чулууныхан, дэлгүүрийнхэн, цэвэрлэгээнийхэн, компьютерчид, утасныхан, машин засварынхан, телевизийнхэн гээд л монголчууд зөвхөн ажилладаг биш, бизнес эрхэлдэг салбарынханыг жагсаахад энэ шүү дээ.

Саяханыг хүртэл бид нутаг ярих утасны картаа азийн жижиг зах, дэлгүүр мухлаг, бензин колонк, вэб сайт хаа таарсан газраасаа арабуудаас, хятададуудаас, оросуудаас, ер нь хэнээс авч байгаагаа ч мэдэхгүй зайлшгүй л гадныханаас авдаг байлаа. Тэгсээр өвөрмонголчуудынхаа картаар үйлчлүүлдэг болсон. Одоо бол аргамаг, колл2монголиа, асуулт, монголтавн, орлоо, замдаан, омега карт гээд монгол хүмүүс эрхэлдэг, зохицуулдаг, худалддаг өөрсдөө бизнесээ бүрэн мэддэг утасны картаар ярьж байна.

Саяханыг хүртэл Америк компанид ажлаад алдарт Майкрософт, Сиско-н бүтээгдхүүнээр мэргэшиж , Америкуудад өндөр үнэлэгдэн жирийн мэргэжилтэнээс эхлээд зөвлөх, ахлах зөвлөх зэргээр шат дараалан алхаж компаныхаа дэд ерөнхийлэгч хүртэл дэвшиж байсан монгол залуу одоо мэдээллийн технологи, интернэтийн чиглэлээр өөрийн компаниа байгуулан Америкуудыг байлдан дагуулж байна.

Вашингтон ДиСи орчимд чулууны ажил амар олддог, цалин гайгүй гэж яригддаг байсан үе хэдийнээ өнгөрч одоо Монгол компаниар үйлчүүлэхэд сайхан байна гэж Америкчууд дуу алдаж байна. Жишээлбэл,

I just wanted to say what a great job the Tristate Granite and Marble team did on my project.
Project Location: 25 Roxbury Street, Huntington Station, NY 11746 Kitchen Countertops
Also the estimate was very fare and included everything; the measure up crew was punctual,
knowledgeable, kind and courteous and last but not least the installation was beautiful.
My Very Best to all,
Curtis Taufman, Architect
хэмээн бичиж байгаа нь бодит үнэн.

Америкт хууль, эрх зүйн мэдлэг алхам тутам зайлшгуй хэрэг болдог. Хэл, зан заншил өөр ч ойлголцоход арай дөхөм, бас хямд үнэ зэргээс болж орос ах нар, хятад хуульчдад хандах нь элбэг. Тэгвэл бид одоо өнөөдөр Монгол хүний хуулийн фирмтэй харьцаж болох болсон байна. Хуулийн мэдлэг боловсрол Орост эзэмшиж, мастер, доктортой нь суралцаж, улмаар Монголын дээд шүүхэд ажиллаж байсан туршлагатай, чадалтай монгол хуульч Америкийн хуулийн сургуульд мастер хийж, цаашлан доктор хэмээх цолыг мөн л Америкт хамгаалахаар зүтгэхийн зэрэгцээ өөрийн хуулийн компани байгуулаад тодорхой амжилтад хүрч байна.

Саяхан л ЭмБиЭй хийнэ гээд ирж байсан монгол залуу суралцаж байх хугацаандаа H&R Block, Semco Incorporated, Office Depot, Монгол Улсын Вашингтон дахь элчин сайдын яам зэргээр дамжин, суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийж, туршлага олсоор өнөөдөр Америкийн топ даатгалын компанийн агент болж даатгал, санхүүгийн үйлчилгээний компани байгуулаад жил боллоо.

Мөн өчигдөр мэт санагдаж байгаа нь, цөөнгүй найзууд маань ажил хайсаар солонгосчуудын дэлгүүрт худалдагч болж байж билээ. Өнөөдөр тэд өөрсдийн тав зургаан дэлгүүрийн эзэд болоод байна.

Вашингтон ДиСи орчимд Сандагаа гэдэг нөхрийг танихгүй монгол байтугай Америк ч байхгүй байх. Машин нь эвдрэх, саатах бүрт хаа холоос ч нутаг нэгтнүүд нь үргэлж утас цохиж мань хүнээс лавлана. Тэдний нэг нь яах аргагүй би билээ. Унааныхаа албан ёсны засварын газарт очоод дугуйгаа солих гэтэл жаахан үнэтэй дугуй зарчих гээд байхаар нь залгана, машин шинээрээ л байх гэтэл ээлжит жилийн үзлэг давахгүй нэг муу жижиг резин урагдсан ч мань хүн рүү залгана, тайминг бээлт солих лут ажилд найздаа туслаадахсан ч залгана. Надад лав Сандагаагүй шийдсэн машины проблем байхгүй дэг ээ.

Энэ өвөл Чикагод сургалтанд явлаа. Онгоцны буудал дээрээс монгол жолоочтой таксигаар буудалдаа хүргүүлэх ч сайхан байлаа. Таксиныханы ярьдагаас дуулгахад, манай нэг залуу хэдэн такси худалдаж аваад нэгийг нь хэл амар ойлголцохоор нь гээд хойд ахынхаас ирсэн залууд түрээслэсэн гэж байгаа. Тэгээд цаадах нь гэртээ нэг дагуулж очсон байна. Жолооч эхнэртээ “энэ манай босс” хэмээн танилцуулж, эхнэр нь ч хөл алдан дайлсан гэнэ. Энэ үед манай хүнд тун сонин сэтгэгдэл төрж, нуруугаар нь жирс хийжээ гээд инээлдэх нь маньд нээрээ сайхан санагдаж байлаа.

Мөн нэг удаа сайн танил утас цохиж байна аа. Энэ нягтлан бодох бүртгэл гээч чинь амархан юм шиг мөртлөө яг тулахаар код бичихээс амаргүй юм байна гэж байсан монгол залуу өнөөдөр Америк стандартын аккаунтинг програмаа биччихсэн танайх хэрэглэж үзээч гэж байх. Мань хүний дараагийн алхам Америкийн мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтуудыг давах гэнэ. Тэгвэл одоо үзүүлж байгаа татвар бодох үйлчилгээгээ маш боломжийн хэмжээнд өргөжүүлж, санхүү нягтлан бодох бүртгэл, аудит хийх хэмжээнд очно гэнэ.

За энэ мэтээр дурдаад байвал монголчуудын бизнес амжилтын талаар барагдахгүй их зүйл бичиж болно. Монгол хоолны газрууд, монгол ТВ үзүүлэх үйлчилгээ, маркетинг, бизнесийн үйлчилгээ, монгол риэлтэр, мөнгө зээлдэх санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч монгол, аутсорсинг хийж эх нутагтаа цөөнгүй ажлын байр, шинэ төрлийн бизнес хийж буй монгол, барилга засварын үйлчилгээ хийдэг монгол ... бичээд байвал нээрээ энэ жагсаалт дуусахгүй нь.

Бас нэгэн зүйл нэмэхэд, Америкт байгаа монголчуудын холбоо олноор байгуулагдлаа. Амжилттай сайхан ажиллаж байна. Манийг анх Америкт ирэхэд Бэй Эйриад Ш.Баатар баруун эргийн монголчуудын соёлын сан гээд нэг холбоотой байлаа, Чикагод Баяраа ах, Гэрлээ эгчийн Америк-Монголын холбоо байж. Хожим нь Дэнвэрт, ДиСи-д холбоо байгуулагдсан. Одоо Сакраменто, Лос Анжелос, Сиатлид монголчуудын холбоо байгуулагдаад амжилттай ажиллаж байна. Эд нар чинь ТББ, бизнестэй ямар хамааралтай гэж энд дурдав хэмээх нэгэн гарах л байх. Миний бодлоор эд бол монголчуудын бизнес юм. Ашгийн бус энэ байгууллагууд ашиг олох хуримтлуулахын тулд биш, олсондоо багтаагаад бусдад хэрэгтэй, өгөөжтэйгөөр үрэх ёстой л болохоос мөнгө төгрөгтэй харьцах үйл ажиллагаа ихээр явуулдаг, тэгээд ч Америкийн хуулиар ашгийн бус бизнес гэсэн ангилалд ордог нь ч учиртай.

За дахин нэг зүйл дурдалгүй өнгөрч чадахгүй нь, АНУ-д байгаа манай элчин сайдын яаманд илүү хамааралтай юм уу даа. Америкт байгаа монголчууд өөрсдийн бизнестэй боллоо, Монгол Улсын иргэдийн өмч Америкт бий болчихлоо, тодруулбал Монгол Улсын эрх ашиг гээч юм Америкт бий болчихлоо шүү дээ, таминь ээ. Одоо яах ёстой вэ?

Одоо бид бүгд нэг дор уулзана, нийлж хэн нь юу чадаж байгаагаа үзүүлж харуулж, туршлага солилцоно. Чадахгүй, хүрэхгүй байгаагаа нөхөлцөнө. Үнэндээ би аккаунтинг хөтлүүлэх, татвар бодуулах, нэгдсэн улс, муж улсын элдэв форм бөглөж явуулах, хуулч хөлслөх бүртээ Америк хүнтэй л харьцдаг. Одоо бодох нь ээ, яагаад монгол хүнээр, монгол бизнесээр хийлгэж болохгүй гэж ...

Э.Жагдагдорж
Колумбиа, Мизури
2007-3-28